Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

Та ингэж ихээр хайрлаж чадах уу?

Жинхэнэ хайр бол эргэж хариу нэхэн, асуухгүй бүхнийг өгч чаддаг хайр юм.          Мази Хаммонд


Энэ түүх  1950 оны эхээр Массачусетс мужийн Уалтам хотод амьдарч байсан Тайлорынхны гэрт болсон юм.  Эдит Тайлор өөрийгөө “Энэ ертөнцийн хамгийн азтай эмэгтэй” гэж итгэдэг байлаа.  Карл тэр хоёр гэрлээд 23 жил өнгөрсөн ч түүнийг өрөөнд нь орж ирэх болгонд  анх уулзаж байсан үеийнх шигээ сэтгэл зүрх нь  маш их догдолдог байжээ.  Карлын хувьд ч гэсэн эхнэртээ маш их хайртай байжээ. Тэр засгийн газрын агуулахад ажилладаг, ажлаар хотоос хол явах үедээ  эхнэртээ өдөр бүр захиа бичиж, очсон газраасаа жижигхэн бэлэг илгээдэг байлаа. Тун удалгүй 1950 оны хоёрдугаар сард шинэ засгийн газрын агуулахад томилогдож, хэдэн сарын хугацаатайгаар Японы Окинава хот руу ажлаар явав.  Энэ нь мэдээж урт хугацаагаар бие биенээсээ хол байна гэсэн үг.  Цаг хугацаа өнгөрсөн хэдий ч Эдит нөхрөөсөө  нэг ч бэлэг авсангүй.  Эдит “Карл хувийн байшинтай болно гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөнгөө хадгалж байгаа”  гэж тэр  бодон, түүнийг хүлээж байлаа.
Түүнийг хүлээсэн өдөр хоног маш удаан өнгөрч байв.  Цаг тутамд Эдит Карлыг гэртээ ирэхийг хүлээж байхад түүнээс: “...дахиад гурван долоо хоног энд үлдэх ёстой, дахиад нэг сар,  дахиад хоёрхон сар… ” гэсэн захидлууд ирдэг байжээ.
Карл явснаас хойш жил болоход, захиа ирэх нь ховордсон байлаа. Бэлэг явуулахгүй байгааг  Эдит ойлгож байсан ч  шуудангийн зардлын хэдхэн пенни байхгүй байна гэж үү хэмээн боддог байв. Тэгтэл хэдэн долоо хоног чимээгүй байснаа нэгэн захиа ирэв.

Хүндэт Эдит минь,
Чи бид хоёр цаашид гэрлэсэн хосууд шиг байхгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Үүнээс аль болох зөөлнөөр хэлэх үг байдаг ч болоосой гэж  би хүсч байна гэсэн байлаа. 
Эдит захидлыг уншингаа буйдан руу дөхөж очоод суув. Карл салах өргөдлөө Мексикийн шуудангаар дамжуулан “Гэрлэлтийн хэлтэс”-т илгээсэн байлаа. Тэр “Орон сууцны товчоо“-нд ажилтай Айко гэдэг япон эмэгтэйтэй гэрлэхээр шийдсэн ажээ.  Тэр Япон эмэгтэй 19 настай, Эдит 48 настай байсан.
Хэрэв энэ түүхийг би өөрөө үргэлжлүүлэн бичвэл: “Хаягдсан эхнэр нь салах өргөдлийг эсэргүүцэхээр барахгүй өөрийн нөхөр болон түүний сүй тавьсан  эмэгтэйг үзэн ядаж хорсох мэтээр бичих байсан.  Гэвч би юу болсон тухай илүү дутуу үггүй өгүүлье.
Эдит Тайлорд Карлыг үзэн ядах сэтгэл төрөөгүй.  Магадгүй түүнд хязгааргүй хайртай болохоор үзэн ядаж чадаагүй байх.
Эдит нөхцөл байдлыг төсөөлж байлаа. Карл ганцаардсан эр хүн. Тэр эмэгтэй үргэлж хажууд нь их ойр дотно  байсан байх.  Хэдий тийм боловч, Карл тийм ч хөнгөмсөг ичгэвтэр зүйл хийгээгүй.  Карл тэр залуухан зарц охины сайн сайхныг ашиглаж байснаас салалт нь арай дээр гэж энэ замыг сонгосон.   Гагцхүү Карл түүнийг хайрлахаа больсон гэдэгт л Эдит огт итгэж  чадахгүй байлаа.  Хэзээ нэгэн өдөр  Карл гэртээ ирэх болно гэсэн итгэл түүнд үлдэв.
Эдит өөрийн энэ бодолдоо итгэж амьдарч байлаа.  Эдит Карлд  байнгын холбоотой байхыг гуйсан захиа бичлээ.  Удалгүй захианы хариу ирсэн бөгөөд Карл  Айког удахгүй амаржих гэж байгаа тухай бичсэн байв.  Карл Айко хоёрын анхны охин Мария 1951 онд, харин Хелен 1953 онд төрсөн.  Эдит хүүхдүүдэд нь бэлэг явуулдаг байлаа.  Тэр Карлд захиа бичсээр л байв. Карл ч түүнд: “Хелений шүд нь ургасан, Айкогийн англи хэлний мэдлэг сайжирч байна, өөрийгөө их турсан” гэх мэтээр хариу бичдэг байлаа.
Түүний сүүлчийн захиа нь айдсаар дүүрэн байв.  Карл уушгины хорт хавдараар өвчилсөн тухайгаа бичээд өөртөө бус харин Айко ба хоёр охиндоо санаа нь их зовж буйгаа бичсэн байлаа. Тэр охидуудаа  Америкт сургуульд явуулахын тулд мөнгө  цуглуулж байжээ.  Харин тэр эмчилгээ хийлгэхийн тулд бүх  мөнгөө өгсөн.  Одоо тэд нар яах вэ? гэдэгт санаа зовж байгаа тухайгаа бичсэн байв. Карлдаа өгч чадах түүний хамгийн сүүлчийн бэлэг нь сэтгэлийн амар амгалан гэдгийг Эдит ойлгосон юм.  Ингээд Эдит захиандаа:  Хэрэв Айког хүсвэл, тэр Мариа Хелен хоёрыг  Уалтам авчирч, өсгөж өгье гэж  бичиж явуулав.                                    
Карлыг нас барснаас хойш олон сарын дараа Айко хүүхдүүдээ явуулсангүй.  Хүүхдүүд нь Айкогийн хувьд үлдсэн ганц амьдралынх нь түшиг тулгуур байлаа.  Хэдий тийм ч Айко тэдэндээ  ядуурал, цөхрөлөөс өөр амьдралыг өгч чадахгүйгээ ойлгосон бөгөөд 1956 оны арван нэгдүгээр сард хүүхдүүдээ “Хүндэт Эдит авга эгч рүү” явуулав. Тавин дөрвөн насан дээрээ  гурав болон таван настай хүүхдийн ээж болох нь амаргүй гэдгийг Эдит мэдэж байлаа.  Карл нас барснаас хойш тэд бага зэрэг мэддэг байсан англи хэлээ мартагнасан байж болох юм гэдгийг тэр огтхон ч  бодоогүй байсан.  Харин ч Мариа, Хелен хоёр их хурдан англи хэлийг сурав. Тэдний харцнаас айдсын сүүдэр арилж, зүс царай нь гэрэлтлээ. Эдит зургаан жилийн турш анх удаа ажлаасаа гэр рүү гээ яарч байлаа. Түүний хоол хүнсээ аваад явах нь хүртэл урьдынх шигээ их сайхан хөгжилтэй байлаа.
Айкогоос захиа хүлээн авах үед хамгийн их гунигтай болдог байлаа.  Тэрээр захиандаа:  “Авга эгчээ. Юу хийхийг минь надад хэлээч.  Мариа Хелен хоёр маань уйлж байна уу” гэж бичдэг байлаа.  Муухан англиар бичсэн энэ үгнээс Эдит Айкогийн ямар их ганцаардсан зүрх сэтгэлийг нь  мэдэрсэн бөгөөд чухам ямар янзын ганцаардал болохыг нь ч ойлгож байлаа. Тэр охидын ээжийг нь бас энд авчрах ёстой юм байна гэдгийгээ ойлгож байв.
Тэгээд тэр шийдвэр гаргасан боловч Айко японы иргэн учраас цагаачлалын шийд гарах хүртэл олон жилээр хүлээх хэрэгтэй байсан.  Энэ үед Эдит Тайлор тусалж чадах эсэхийг асуусан захидал надад бичсэн юм.  Би өөрийн сонины нүүрэнд нөхцөл байдлыг тайлбарлаж бичлээ.  Харин олон хүмүүс тэдэнд тусалсан.  Өргөдлийн бичгүүд 1957 оны 8 сард хэрэгжиж эхэлсэн учраас  Айкод хил давах зөвшөөрөл өгсөн юм.
Нисэх онгоц Нью-Йоркийн олон улсын нисэх буудалд газардах тэр агшинд Эдитэд гэнэт айдас төрсөн.  Түүнээс Карлыг нь холдуулсан эмэгтэйг тэр үзэн ядах сэтгэл төрвөл яах вэ? гэж тэр бодож байлаа.  Онгоцноос буусан хамгийн сүүлчийн хүн нь нэгэн туранхай жижигхэн охин байсан тул эхлээд Эдит түүнийг хүүхэд гэж бодон зогсож байв. Эдит түүнийг хашлага түшин зогсож байхыг нь хараад айдас төрж байсан хэдий ч Айко бүр балмагдсан байсныг нь тэр мэдэв.  Тэр Айкогийн нэрийг дуудахад охидууд нь Эдитийг хөтлөн шатаар доош буув. Тэд бие биентэйгээ тэврэлдэж байхад Эдитед нэгэн бодол төрөв.  “Би Карлыг урьд нь эргэж ирээсэй гэж залбирдаг байсан.  Гэтэл одоо түүний хоёр охин болон түүний хайрлаж байсан энэ дөлгөөхөн охиноор дамжуулан тэр минь эргэж ирсэн байлаа.  Энэ эмэгтэйг ч гэсэн хайрлах хүч надад өгч туслаач  Бурхан минь

Сэтгэгдэл үлдээх:

Login Form