МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ТӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ТӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэнэ)-ын бакалавр, магистр, докторын өдрийн сургалтад зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн төрийн буцалтгүй тусламж олгох, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгох болон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа гадаадын иргэнд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмаар зохицуулна.
1.3. Энэхүү журмын дагуу төрийн буцалтгүй тусламж авах суралцагч Сургалтын төрийн сантай гэрээ байгуулна. Уг гэрээг үндэслэн Сургалтын төрийн сангаас суралцагчийн сургалтын төлбөрийг тухайн сургуульд тусгай хуваарийн дагуу шилжүүлнэ.
1.4. Тухайн жилд төрийн буцалтгүй тусламжид хамрагдах суралцагчдын хяналтын тоог сургууль тус бүрээр боловсролын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор тогтоож, холбогдох сургууль, Сургалтын төрийн санд мэдэгдэнэ. Тухайн хичээлийн жилд элсэгч, суралцагчдад хяналтын тоонд багтаан шинээр болон үргэлжлүүлэн олгох хуваарийг мэргэжлээр нь тодорхойлсон байна. Энэ хуваарийг нийтэд мэдээлэх ажлыг тухайн сургууль, Сургалтын төрийн сан зохион байгуулна.
Хоёр. Төрийн буцалтгүй тусламж олгох нөхцөл
2.1. Элсэгчдэд дараахь нөхцөлд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас хяналтын тоонд багтаанн буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгоно:
2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зохион байгуулсан улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.2. олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.3. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэний амьжиргааны тэтгэлэг;
2.1.4. бүтэн өнчин суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.5. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч буюу эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.6. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.7. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой өрхийн суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.8. бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.9. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг.
2.2. Хяналтын тоонд багтаан дараахь нөхцөл хангасан суралцагчдыг шалгаруулан, сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламжийг шинээр буюу үргэлжлүүлэн олгоно.
2.2.1. сургуулиа төгссөний дараа орон нутагт 3-аас дээш жил ажиллахаар гэрээ байгуулсан суралцагчийн сүүлийн хоёр жилийн сургалтын төлбөр;
2.2.2. журмын 2.1.4, 2.1.5-д заасны дагуу буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.0 болон түүнээс дээш байх тохиолдолд, бусад нөхцөлөөр буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд гэрээг сунган буцалтгүй тусламжийг үргэлжлүүлж олгоно. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчдийн оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг Сургалтын төрийн сангаас шалгаруулан буцалтгүй тусламжид хамруулж болно.
Гурав. Бүрдүүлэх материал
3.1. Төрийн буцалтгүй тусламжид хамрагдах суралцагч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 1-нийн дотор сургуульдаа өгнө.
3.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу);
3.1.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3.1.3. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (магистрант, докторантын хувьд бакалавр, магистрын дипломын хуулбар);
3.1.4. энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.4 - 2.1.8-д заасан суралцагчийн хувьд сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох эрхийн бичиг;
3.1.5. энэ журмын 2.1.1 - 2.1.3, 2.1.9-д заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;
3.1.6. энэ журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсны гэрчилгээний хуулбар;
- энэ журмын 2.1.5-д заасан суралцагчийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт;
- энэ журмын 2.1.6-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт;
- энэ журмын 2.1.7-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг;
- энэ журмын 2.1.8-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох толгой малын тоо, малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг;
- энэ журмын 2.2.1-т заасан суралцагчийн хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ;
-энэ журмын 2.2.2-т заасан суралцагчийн хувьд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт.
Дөрөв. Төрийн буцалтгүй тусламжийн санхүүжилт
4.1. Сургалтын төрийн сангийн шугамаар төрийн буцалтгүй тусламж авахыг хүссэн суралцагчдаас батлагдсан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн сургалтын болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь энэ журмын 3-т заасан материалыг үндэслэн төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
4.2. Сургалтын төрийн сан нь төрийн буцалтгүй тусламжид хамруулахаар сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн суралцагчтай гэрээ байгуулж, төлбөрийг сургуульд нь шилжүүлнэ. Санхүүжилтийн хэмжээ болон суралцагчтай байгуулах гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
4.3. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан Монгол Улсын иргэн амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламж олгоно. Суралцагчид олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол тэтгэлгийн хэмжээ болон Сургалтын төрийн сан, суралцагч хооронд байгуулах гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Санхүүжилтийг Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яамаар дамжуулан олгоно. Элчин сайдын яам нь жил бүр өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэдийн сурлагын талаархи судалгааг гаргаж, жил бүрийн 10 дугаар сард гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Сургалтын төрийн санд ирүүлж байна.
4.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд гэрээ, хэлэлцээрт заасан санхүүгийн нөхцөлийн дагуу сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламжийг олгоно. Суралцагчдад олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр тогтооно. Санхүүжилтийг Сургалтын төрийн сангаас тухайн суралцагчийн суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно. Сургууль нь тухайн суралцагч хичээлдээ бүрэн сууж, сургуулиас тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаа талаархи мэдээллийг гарган Сургалтын төрийн санд албан ёсоор хичээлийн улирал бүрийн төгсгөлд ирүүлж байна.
4.5. Энэхүү журмын 4.3, 4.4-т заасан төрийн буцалтгүй тусламжид хамрагдаж байгаа суралцагчийн гэрээг сунгах, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгох асуудлыг холбогдох сургууль, Элчин сайдын яамны тодорхойлолтыг үндэслэн Сургалтын төрийн сан шийдвэрлэнэ.
4.6. Суралцагч нь чөлөө авсан болон журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны шийдвэр, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно.
Тав. Бусад
5.1. Хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид энэхүү журам хамаарахгүй.
5.2. Гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээ, дүрэм, журмаар зохицуулна.
Засгийн газрын 2008 оны 177 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэнэ)-ын өдрийн ангид бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн зээл олгох, эргэн төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хооронд байгуулах сургалтын төлбөрийн зээлийн гэрээ (цаашид “зээлийн гэрээ” гэнэ)-ний загвар, санхүүжилтийн хэмжээг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар батална. Зээлийн гэрээнд зээлдэгчийн үүрэг, хариуцлага, зээлийн санхүүжилтийн хугацаа, эргэн төлөх нөхцөлийг тодорхой тусгана. Зээлийн гэрээ байгуулсан суралцагч (цаашид “суралцагч” гэнэ)-ийн сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлнэ.
1.3. Тухайн жилд сургалтын төлбөрийн зээл авах суралцагчдын хяналтын тоог сургууль болон мэргэжлийн чиглэл тус бүрээр боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор тогтоож, холбогдох сургууль, Сургалтын төрийн санд мэдэгдэнэ. Энэ хуваарийг нийтэд мэдээлэх ажлыг сургууль, Сургалтын төрийн сан зохион байгуулна.
1.4. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хоорондын харилцааг зээлийн гэрээ, холбогдох журам, хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
Хоёр. Сургалтын төлбөрийн зээл олгох нөхцөл
2.1. Сургалтын төрийн сангаас дараахь нөхцөлд элсэгчийн сургалтын төлбөрийг зээлийн хэлбэрээр олгоно:
2.1.1. хагас өнчин суралцагч;
2.1.2. бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал ногдох зөвхөн малчин өрхийн суралцагч;
2.1.3. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
2.1.4. гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.
Гурав. Бүртгэл, шалгаруулалт
3.1. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл авахыг хүссэн, энэ журмын 2.1-т заасан нөхцөл бүхий суралцагч нь дараахь бичиг, баримтыг бүрдүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 1-нийн дотор сургуулийнхаа захиргаанд өгнө. Үүнд:
3.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу);
3.1.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3.1.3. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
3.1.4. сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;
3.1.5. энэ журмын 2.1.1-д заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсан тухай гэрчилгээний хуулбар;
3.1.6. энэ журмын 2.1.2-т заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох толгой малын тоо, малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны баримт бичиг;
- энэ журмын 2.1.3-т заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны баримт бичиг;
- энэ журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн албыг хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны баримт бичиг;
3.1.7. зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа.
3.2. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл авахыг хүссэн суралцагчдаас хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн сургалтын болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийг оруулна. Энэ журмын 3.1-д заасан бичиг баримтыг үндэслэн сургалтын төлбөрийн зээл олгох элсэгч, суралцагчийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор сонгож, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
3.3. Сургуулиас ирүүлсэн дүгнэлт, суралцагчдын материалыг Сургалтын төрийн сангаас хянан үзэж, тухайн суралцагчид зээл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Дөрөв. Сургалтын төлбөрийн зээлийг
санхүүжүүлэх, түүнийг зогсоох
4.1. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдахаар шалгарсан суралцагч нь Сургалтын төрийн сантай зээлийн гэрээ байгуулна. Зээлийн гэрээ байгуулсан суралцагчийн сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас суралцаж байгаа сургуулиар нь дамжуулан санхүүжүүлнэ.
4.2. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж байгаа суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд гэрээг сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчийн оронд тухайн сургуулийн нэг хичээлийн жилээс доошгүй хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчийг зээлд хамруулж болно.
4.3. Суралцагч нь чөлөө авсан, эсхүл журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны мэдэгдэл, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно.
4.4. Сургалтын төлбөрийн зээлээр суралцагч сургуулиа төгссөн, өөр сургуульд шилжсэн, сургуулиас гарсан, эсхүл хасагдсан тохиолдолд тухайн сургууль цаг тухайд нь Сургалтын төрийн санд албан ёсоор мэдэгдэнэ.
Тав. Сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлт
5.1. Суралцагч сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш зээлийн гэрээний дагуу төлнө. Зээлийг эргэн төлөх дээд хугацаа нь 5 жил байна.
5.2. Төгсөгч хөдөлмөрийн гэрээ байгуулснаас эхлэн түүний үндсэн цалин болон бусад орлогын 50 хүртэл хувиар тооцон зээлийн эргэн төлөх хуваарь гаргаж, 5 хүртэл жилийн хугацаанд Сургалтын төрийн санд шилжүүлэх ажлыг төгсөгч, ажил олгогч нар хамтран гүйцэтгэнэ.
5.3. Төгсөгч, ажил олгогч нь сургалтын төлбөрийн зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулж болно.
5.4. Суралцагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлнө.
5.5. Сургалтын төрийн сангийн зээлээр суралцагч нийслэлд төсвийн байгууллагад 5-аас доошгүй жил, орон нутагт төсвийн байгууллагад 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлнө.
5.6. Энэ журмын 5.4, 5.5-д заасан нөхцөлөөр зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сан холбогдох этгээдээс нотлох бичиг, баримт авсны үндсэн дээр Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
5.7. Суралцагч зээлийн гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт Сургалтын төрийн санд буцаан төлнө.
Зургаа. Бусад
6.1. Сургалтын төлбөрийн зээл авах, эргэн төлөгдөх үндэслэл нь суралцагч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргах хөрөнгийн барьцаа, баталгаа байна. Зээлийн батлан даалтыг ажил олгогч, эсхүл сонирхсон гуравдагч этгээд хариуцан гаргаж болно.
6.2. Хоёр дахь дээд боловсрол эзэмшиж буй суралцагчид энэхүү журам хамаарахгүй.
6.3. Сургалтын төрийн сан нь зээл авсан суралцагчдын нэгдсэн бүртгэл, тооцоог хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэн жил бүр статистик мэдээ гаргана.
6.4. Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ, санхүүжилт, эргэн төлөхтэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээ, дүрэм, журмаар зохицуулна.
Засгийн газрын 2008 оны 177дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Олон улсад нэр хүндтэй гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэн оюутан, магистрант, докторант (цаашид “суралцагч” гэнэ)-ын сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрдэм шинжилгээний ажлын хамгаалалтын зардлыг Сургалтын төрийн сангаас зээлийн хэлбэрээр санхүүжүүлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2. Суралцагчийг шалгаруулах журмыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.3. Суралцагч нь иргэний хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байна. Суралцагчийг эх орондоо байхгүй байх хугацаанд нь түүний эрх, үүргийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлнө.
1.4. Суралцагч нь захиалагч байгууллага (цаашид “захиалагч” гэнэ), итгэмжлэгдсэн төлөөлөгч, Сургалтын төрийн сантай зээлийн гэрээ байгуулж, жил бүр сунгана.
1.5. Зээлийн гэрээ (цаашид “гэрээ” гэнэ)-ний загвар болон зээлийн хэмжээг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Гэрээнд суралцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай мэдээлэл, суралцах хугацаа, сургууль, мэргэжлийн чиглэл, суралцагчийг төгсөж ирсний дараа ажиллуулах захиалагч байгууллага, ажиллах хугацаа болон талуудын харилцан хүлээх бусад эрх, үүрэг, гэрээний нөхцөл зөрчигдсөн тохиолдолд талуудын хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан байна.
Хоёр. Бүрдүүлэх материал
2.1. Суралцагч нь гэрээ байгуулахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
2.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу);
2.1.2. суралцуулах тухай боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон захиалагч байгууллагын шийдвэрийн хуулбар;
2.1.3. итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон тухай итгэмжлэл;
2.1.4. өөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
2.1.5. боловсролын баримт бичгүүдийн хуулбар;
2.1.6. зээлийг эргэн төлөх баталгаа болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ;
2.1.7. гэрээ (Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын тэмдэглэл хийлгэсэн байна);
2.1.8. суралцах сургуулийн урилга, сургалтын зардлын нэхэмжлэл, харилцах данс.
Гурав. Санхүүжилт
3.1. Гэрээ байгуулсан суралцагчийн санхүүжилтийг суралцах сургуулийн дансанд Сургалтын төрийн сангаас шилжүүлнэ.
3.2. Үндсэн сургалт эхэлсэн тухай холбогдох сургуулиас ирүүлсэн албан бичгийг үндэслэн эхний хагас жилийн санхүүжилтийг, мөн сургуулиас ирүүлсэн тодорхойлолт, сурлагын дүн, кредит цагийн хэмжээг үндэслэн дараагийн жилийн санхүүжилтийг олгох асуудлыг Сургалтын төрийн сан шийдвэрлэнэ.
Дөрөв. Бусад
4.1. Нэг суралцагчид нэг удаагийн зээл олгоно.
4.2. Суралцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санхүүжилтээ тухайн ондоо багтааж ашиглаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
4.3. Магистрантурт суралцах хугацаа 2 жилээс, докторантурт суралцах болон нэг суралцагчид зээл олгох нийт хугацаа 3 жилээс илүүгүй байна.
4.4. Суралцагч гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт Сургалтын төрийн санд буцаан төлнө.
4.5. Зээлийг эргэн төлүүлэх асуудлыг Сургалтын төрийн сан хариуцах бөгөөд энэ асуудлаар захиалагч байгууллага болон холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран ажиллана.
4.6. Суралцагч амжилттай суралцан төгсөөд гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно. Зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан иргэний асуудлыг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөл хэлэлцэн, дүгнэлтийг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
4.7. Энэ журмын хэрэгжилтийн явцад гарсан маргааныг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх: