Эрүүл мэнд
Биеэ энхрийлэхүй
Биеэ энхрийлэхүй
Гэрийн эзэн төлөвхөн суусан мэт зүрхээ хайрлая
Зуны улирлын 90 хоногийн эхний 72 хоногт хүний биеийн хий цусны гүйдэл түргэсч, шар усны ба хөлсний нүх сүв бүрэн нээгдэнэ. Бодисын солилцоо сайжран биеийн илч гадагш тархана.
Зуны улиралд зүрхээ өвтгөхгүйн тулд бид өвлөөс эхлэн идээ ундаа, явдал мөрөө зөв сахин биеэ энхрийлсэн байх ёстой. Зүрх өөрөө гал махбодитой эрхтэн. Зүрхний эх бол модон махбодитой элэг юм. Мод шатан дүрэлзэхэд гал үүсдэг. Харин галыг дарагч нь ус буюу усан махбодитой бөөр юм. Бөөр муутай, бөөрний энерги суларсан хүний зүрх түгшин нойргүй болдог. Биед байгаа галыг ус дарж хүрэлцэхгүй болохоор дээд доод биений тэнцвэр алдагдан доод бие дээд талаа барьж чадахгүйд хүрч зүрх түгшин
нойргүйддэг.
Тэгэхээр бид зүрхээ эрүүл байлгахын тулд өвлөөс хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь. Нэгэн ухаантан энэ тухай “Эрүүл мэнд-өөрөө мацаж хүрээд бахархах оргил” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр улирал бүрт дэлгэрч байгаа эрхтэнээ тордон амьдарч чадвал бид өвдөх зовлонгүй амьдрах юм.
Зүрхээ авиан дасгалаар сайжруулах нь
Энэ дасгалыг хийхэд зүрх дэлсэх нь багасч, ой тогтоолт сайжран, нойргүйдэх, шалтгаангүйгээр хөөрцөглөх, зүрхэнд цус, хүчилтөрөгч дутагдах, тархинд цус дутагдах зовиураас салж болно. Шөнийн 23-01 цагт зүрхний энерги илт сулдах цагаар эсвэл үүр хаяарах үед хийвэл үр дүнтэй.
Амыг том ангайлган хэлний уг хэсэгт хоолойг агшааж чанга хяхруулан “Хэ” авиаг гаргана. Энэ зүрхний авиаг зөв гаргаж чадвал биеэс гарч буй амьсгал нь халуун байх ёстой. Энэ үед зүрхийг дам замаар дэмждэг дэлүүний “Ху” авиаг хийх нь үр дүнтэй. Эртний мэргэд “хэ, ху” авианд бөөрний “чуй” авиаг мөн нэмдэг. Энэ авиануудыг гаргаснаар энерги, цусны эргэлтийг тэгшитгэн насаа уртасгаж өвчнөөс салах юм.
Дасгал хийх аргачлал
1. Бүх биеэ суллан өмнө зүгрүү харж зогсоно.
2. Гарын алгаа доош харуулан мөрний хэмжээнд бариад /гар урагш/ дараа нь дээш харуулан хөдөлгөөнөө зогсоохгүйгээр цээжиндээ авчирна. Гарын хуруунууд цээжинд хүрэх яг энэ мөчид амьсгалаа Хэ /Кэ/ авиатай хослуулан гаргана. Энэ үед амаа ангайлган завьжийг хоёр тийш болгож зуувандуу хэлбэр гаргана. Хэлний үзүүр буйлны дотор талд хүрч байх ба их бие нь дээд тагнайд наалдсан байрлалтай байна. Уруул завьжны хөдөлгөөнөөр 2 хацар хүчтэйгээр ар тийш татагдана. Авиа гаргах үедээ анхаарлаа зүрхэндээ төвлөрүүлнэ. Энэ дасгалыг зун хийхэд үр дүнтэй. Гэхдээ жилийн турш хийж чадвал хоол боловсруулах ажиллагаа хүртэл хэвийн болдог.
Сэтгэгдэл үлдээх:


