Ням, 5-р сар 20, 2012
   
Text Size

Монгол гэрийн гайхамшиг

Хүн-байгалийн харилцааны олон зууны түүхийг өгүүлсэн хамгийн урт настай сууц монгол гэрийн гайхамшгийг хоосон бардамналаар бус ухаж тайлсан ухаанаар тайлбарлая. Наана хэлэхэд гурван мянганы тэртээгээс үүсэлтэй, урт түүхийн нугачаанд өнгө төрхөө өөрчлөөгүй монгол сууц олон гайхамшиг шингээжээ. Тэр гайхамшгийг харин монгол өвөг бий болгож.


Түрүүлж хэлэх гайхамшиг бол нүүдэлчин иргэншилдээ зохицсон бүтэц нь. Барих, буулгахал хялбар, угсарч эвлүүлэхэд түргэн, бүрдэл хэсгүүд нь хөнгөн, овор бага. Буулгаж ачаад л босгоод барьчихна, ямар ч төвөггүй.

Монгол гэр цаг уурт зохицох чадвартай “ухаалаг” сууц. Төв Азийн эрс тэрс уур амьсгалтай бүсийн бидэнд энэ мэдээж чухал. Суурин иргэншлийнхний сууц шавар, цемент, төмөр мэтээр босдог бол талын нүүдэлчдийн гэр мод, эсгийн мэт “амьд” эдээр бүтдэг нь тийнхүү аливаад зохицох чадвар өгчээ. Сууцаа эсгийгээр бүрсэн нь санамсаргүй хэрэг биш, ухаант өвгөд үүнийг таньж мэдсэнийх. Эсгий цаг уурын нөхцөлдөө дасан зохицох онцгой чадвартай. Энэ чадвар нь хонины ноосны микронтой холбоотой. Халуунд хонины ноосны микрон тэлж, агаарыг чөлөөтэй оруулдаг учир сэрүүн шинэ чанартай. Харин хүйтэнд эсрэгээрээ микрон нь агшиж, дулаанаа сайн хадгалдаг.

Монгол гэр дулаан хадгалах онцлог чанартай. Хурц өнцөг ирмэггүй, огторгуй ертөнц шигээ бөмбөрцөг хэлбэртэй нь дээрх чанар холбоотой. Дунд сургуулийн физикийн хичээлээр заадаг “бөмбөрцөг хэлбэрийн биет дулаан алдалт хамгийн багатай” гэсэн онолын бодит жишээ нь гэр. Эрдэмтэд үүнийг судлаад дулаан алдалтаа үүнээс илүү хадгалах өөр ямар ч хэлбэрийн сууц үгүй гэж баталж. Тэгэхээр монгол гэр хэлбэр дүрсийн хувьд сонгомол хэлбэрээ олчихжээ. Үүний дээр халаалт буюу зуух нь гэрийнхээ яг төв байж, бүх хэсэгт дулаанаа жигд тараадаг давтагдашгүй онцлог бий.

Монгол гэр агаарын солилцоог хамгийн сайн нэвтрүүлдэг сууц. Хаалга, тооно агаарын урсгалын чөлөөтэй нэвтрэх гол бүс. Хаалга, хаяагаар цэвэр агаар хангалттай нэвтэрч, нүүрсхүчлийн агаар нь тооноор дэгдэн гадагшилна. Цэвэр хүнд агаар доогуур, харин “ашиглагдсан” агаар дэгдэмхий байна гэсэн шинжлэх ухааны том онолыг оюунт өвгөд мэддэг байж. Ханандаа цонхтой шавар сууцынх шиг орц, хонгил мэт хаалт саад дамжихгүйгээр хаалга, хаяа, тооно, эсгий бүрээсээрээ шууд нэвтэрдэг нь монгол гэрийг хагийн цэвэр тунгалаг агаартай байлгадаг.

Монгол гэрт амьдардаг хүн чийг бамын өвчнөөр өвчилдөггүй. Эсгий бүрээс, модон тулгуур хана, унь, тооно гэрийг чийггүй байхад гол үүрэгтэй. Хонины ноосон эсгийд тослог их агуулагдах тул гаднаас чийг нэвтрүүлдэггүй. Харин ч чийг хатаах чадвартай. Модон тулгууруудаа монголчууд хар модоор голчлон хийдэг. Хар мод муу агаар, чийгийг өөртөө шингээж орчныг цэвэршүүлдэг увидаст мод. Хар модон ойг “дэлхий уушги” гэж нэрлэдэг нь үүнтэй холбоотой.

Монгол гэр хоргүйжүүлэгч сууц. Энэ чанар нь гэрийн “дээл” эсгийний бас нэг ид шидтэй холбоотой. Монголчууд эртнээс нааш аргалын утаанд шарласан эсгийг эрүүл мэнддээ ашигласаар иржээ. Аргалын утаанд шарласан эсгийнд мөнгө (Ag химийн элемент) ихээр хуримтлагддаг тул аливаа хорыг тайлж хоргүйжүүлэх чадвартай болдог аж. Энэ чанарыг монголчууд мэддэг байсан тул шарласан эсгийг уландаа дэвсэж, олбог суудлаа хийж байна. Монгол гэр газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн хан эвхэгддэг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан. Тиймд хүчтэй газар хөдлөлтөд ч эвдэрч сүйдэхгүй. Монгол гэр хамгийн зөв байрлалтай сууц. Монголчууд гэрийнхээ хаалгыг ямагт өмнө зүгт харуулж барьдаг. Харин унтахдаа хоймроо, хаалганыхаа эсрэг зүгт тэргүүнээ хандуулдаг. Монгол орны хувьд хойд зүг бол дэлхийн соронзон орын төв цэг. Монгол гэрт амьдарч буй хүн ийнхүү дэлхийн соронзон орны дагуу байрлах учир зүрх судасны өвчлөлд нэрвэгдэхгүй.

Монгол гэр Монголын соёл иргэншлийн гол цөм. Олон өрөө тасалгаагаар тусгаарлагдалгүй, ганцхан “өрөө”-тэй монгол гэртээ аав ээж, ах дүү, бүхэл бүтэн гэр бүлээрээ цугтаа амьдарч ирсэн нь монголчуудын элэгсэг, найрсаг, бие биенээ гэсэн хүнлэг сэтгэлтэй ард түмэн байлгасаар ирлээ.

Малчин монголчуудын төрөлх сууц эсгий гэрийн гайхамшгаас цухас хүргэлээ. Шинжлэх ухаан гэгч хөгжөөгүй байсан тэртээ өмнөх үед өнөө цагийн өндөр хөгжлийн үед ч гайхан магтаад баршгүй, эрүүл амьдархуйн тав тух хангасан ийм сууц бүтээн бий болгосон өвөг дээдсийнхээ байгальтайгаа шүтэлцсэн амьдралын их ухааныг ухан ойлговол бахархал, бардамнамлыг бид жинхэнэ утгаар мэдрэх биз ээ. Ирээдүй хойч руугаа түүх, ухаан хүүрнэн эсгийн гэр минь тэнүүн талдаа зүүрмэглэгхэн мөнхөд оршиг.



 

Сэтгэгдэл үлдээх:

Login Form