МАН-ЫН ГЕНСЕК, ЖДҮ-ЧИН Д.АМАРБАЯСГАЛАН ЯМАР МӨНГӨӨРӨӨ ХУРДАН АЗАРГАНУУД АВЧ, ГОВЬ-АЛТАЙЧУУДАД БЭЛЭГЛЭВ

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 15-ны өдөр МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт нэр дэвших эхлэлээ тавьж, бэлэг сэлтээ тараагаад ирсэн. Тодруулбал, тэрээр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэйгээ аль эрт тохироо хийсэн тул ийнхүү УИХ-д ганцхан мандаттай Говь-Алтай аймгийг өөрийн тойрог болгохоор шийджээ.

Ингэхдээ тэрээр аймгийн багуудад хурдан удмын азарга бэлэглэж, олон лам нараар ном хуруулж бэл бэнчингээ гайхуулжээ. Түүнийг ингэж Говь-Алтайчуудад хайр зарлаж явахад нь намын дарга У.Хүрэлсүх нь хүртэл тус аймагт ажиллаж, олны анхаарлыг зэрэг татсан байна.

Тэгвэл МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалангийн тэрхүү аархалт, бэлэг сэлтийг Алтай нутгийн түмэн олон ихэд сэжиглэн хүлээж авчээ. Тэгээд ч зогсоогүй түүний бэлэглэсэн тэр олон хурдан удмын азаргыг нутгийнхан “энэ хүү ямар мөнгөөрөө худалдаж авсан юм бол оо. Арай нөгөө ЖДҮ-ийн мөнгөнөөс туусан биш байгаа” гэж болгоомжилж байгаа гэнэ.

Нээрээ л тэр олон хурдан удмын азаргыг Д.Амарбаясгалан ямар мөнгөөрөө худалдаж авсан бэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа юм. Учир нь өнөөдрийн ханшаар хурдан удмын адуу, тэр дундаа азарга дор хаяж 5-10 сая төгрөг, түүнээс ч дээгүүр үнэлэгдэнэ. Тэгээд бодохоор Д.Амарбаясгалан зөвхөн азарга худалдаж авахад олон саяыг зарсан болж таарна. Харин тэр мөнгө хаанаас гарав? Арай өнөө ЖДҮ-ийн мөнгө биш биз дээ.

Ийнхүү МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан 2020 онд УИХ-д Говь-Алтай аймгаас нэрээ дэвшүүлэхээр тогтож, тойргоо хальт услаад иржээ. Түүнчлэн тэрээр ирсэн даруйдаа Алтайд хийсэн хороо сэм гэгч задалж өнгөрсөн 2016 онд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэдийг өөрийн замаас бүрмөсөн зайлуулахаар МАН-ын Хяналтын хороо гэгчээр шийдвэр гаргуулж чаджээ.

МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн мэргэжилтэй. 2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга, 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Тэрээр өөрийн тус бүр 30 хувийг нь эзэмшдэг Тайшир Өргөө, Агро Технологи Шижирт гэх компаниудаараа дамжуулан 2017, 2018 онуудад дараалан ЖДҮХС-с нийт 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар тогтоогдсон байдаг.

2017 онд түүний 30 хувийг нь эзэмшдэг Тайшир Өргөө ХХК 375,000,000 төгрөгийн зээл авчээ.

2018 онд мөн түүний 30 хувийг нь эзэмшдэг Агро Технологи шижирт ХХК 950,000,000 төгрөгийн зээл авчээ.

Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хэсгээс:

А.ТАМИР

АРДЧИЛАЛ


2019-05-17 15:25:04